ЭРХЭМ ТА БҮХНИЙ ЭНЭ ӨДРИЙН ТҮМЭН АМГАЛАНГ АЙЛТГАН МЭНДЧИЛЬЕ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох, ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, тэдэнд ээлтэй нийгмийн орчин бүрдүүлэх чиглэлээр хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй билээ.Бид төрийн үйлчилгээг хуулийн дагуу, иргэдэд ээлтэй, хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна.Манай цахим хуудаснаа зочлон холбогдох хууль, баримт бичиг, цаг үеийн мэдээ мэдээлэлтэй танилцан санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Цаашдаа бид иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, боловсролыг тэгш хүртээж, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сайн туршлага, үлгэр дуурайллыг алдаршуулан түгээх, нийгмийг сайн сайхан, эерэг хандлагад уриалах олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд та бүхний оролцоо, дэмжлэг, зөвлөгөө нэн чухал билээ.
ХҮРТЭЭМЖТЭЙ, ЭЭЛТЭЙ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ДАРГА Г.ГАНЧИМЭГ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа байгууллагаар байгуулагдсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бие даан хөгжих чадварыг эзэмшүүлэх, ажлын байранд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад чиглэнэ. Тус төв нь иргэн нэг бүрийн тэгш оролцоог хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүртээмжтэй өсөн дэвжих ажлын байрны тогтолцоог хэвшил болгон ажиллахаар зорьж байна. Манай байгууллага ГБХНХ-ын сайдын ХБИХЭДТ-ийн дотоод зохион байгуулалтын бүтэц, орон тоо батлах тухай 2024 оны А/87 тоот тушаалаар Захиргаа, үйл ажиллагааны хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хэлтэс, Бизнес хөгжлийг дэмжих хэлтэс, Сургалт, судалгаа, хөгжлийн хэлтэс гэсэн дөрвөн хэлтэст одоогоор хорин зургаан албан хаагч нар зорилго, зорилт чиг үүргийн дагуу ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь олон нийтийн нээлттэй арга хэмжээ, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, сошиал маркетинг, явуулын үйлчилгээ болон бусад арга хэмжээгээр дамжуулан идэвхжүүлэх үйл ажиллагаа хийж ажил хөдөлмөр эрхлэх насны бүх хүмүүст мэдээлэл зөвлөгөө өгч чиглүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх чадварт үнэлгээ хийж тухайн иргэн, аж ахуй нэгж тус бүрд тохирсон хөдөлмөрт бэлтгэх цогц үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
Жижиг дунд үйлдвэрлэл болон бусад бизнесийн класстерын, инкубацын болон маркетинг борлуулалтын төлөвлөгөө, зөвлөгөө үйлчилгээг боловсруулж хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургууль болон сургалтад холбон зуучлах бусад үйл ажиллагаанд хамруулж байна. Эдгээр үйлчилгээнээс гадна үйлчилгээний явцын хяналт, тусламж дэмжлэгийг тухай бүр үзүүлэн эцсийн хяналт эргэх холбоог хангаж, хөдөлмөр эрхлэлтийн тэргүүн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэн нийгэмд бие даан амьдрах байдлыг дэмжиж ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх, ажилд бэлтгэх ур чадвар эзэмшүүлэх, бие даан амьдрах чадамжийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл болон бизнесийн хөгжил, инкубац, маркетингийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл судалгаа хийж бодлого хөтөлбөрт шаардлагатай мэдээллээр хангах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хүртээмжтэй ажлын байр бий болгож, тогтвортой хөгжлийг хангах.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хувийн хэвшил болон хувь хүнтэй хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өргөн боломжийг бүрдүүлж байна. Үүнд: ажлын байр бий болгож тэгш боломж олгох, сургалт дадлагаар ур чадвар олгох, жижиг дунд үйлдвэрлэл болон гарааны бизнесийг дэмжих, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетинг борлуулалтыг өргөжүүлэх, хөдөлмөрийн зөвлөгөө болон зуучлалын үйлчилгээ авах, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл судалгаанд хамрагдах, нийгмийн хариуцлага болон сайн дурын үйл ажиллагаанд оролцох зэрэг олон талын хамтын ажиллагаа нээлттэй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь үйл ажиллагаагаа зөвхөн хэрэгжүүлэхээс гадна бодит үр дүнд хүргэхийг зорьж ажилладаг.
Үүнд:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бодитоор нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, ур чадварыг хөгжүүлж амьдралын чанарыг дээшлүүлэх, хувийн хэвшил болон хувь хүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлж тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, мэдээллээр бодлого боловсруулах суурь нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь манай төвийн гол зорилго, үр дүнд хүрэх үйл ажиллагааны чиглэл юм.